Регионы
Новости

ОХУ-ын КЭС-БАСКЕТ байгууллагатай 2016 онд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулна

23 Февраля, 2016
497


Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны 14:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.

Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков М.М нар, дөрвөн талт хэлэлцээрт  Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн дарга Ц.Мягмар, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков М.М, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар тус тус үзэглэнэ.

Энэхүү нэр төртэй тэмцээнийг 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай явуулах бүх үндсийг хангах, мөн түүнчлэн «КЭС – БАСКЕТ» Сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад 6 ширхэгээс бүрдсэн сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл (№ 6 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг, № 7 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.

Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт охид, хөвгүүдийн 4797 багийн 52638 сурагч оролцсон. Дөрвөн үе шатанд нийтдээ 112 сургуулийн давхардсан тоогоор 6413 багийн 81158 сурагч хамрагдлаа.

Дашрамд дуулгахад энэхүү 7 дахь удаагийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээний 3 насны ангилалын багуудын зөрлөг, хүрэл, алтан медалийн төлөөх тоглолт, шилдэг сурагдын "Мөрөөдөл" баг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн Алтан Дорнод "Алтайн лидер" багтай халз тоглолт, "Кэс-Баскет" сурагчдын лиг фэйсбүүк группын "LIKE"-ны 5 ялагч, түрүүлэх багуудыг таах тааварт уралдааны ялагчийг тодруулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд 2016 оны 02 дугаар сарын 18-ны 08:30 - 17:00 цагийн хооронд “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулна.

 

“Сурагчдын лиг” тэмцээний түүхийг сөхвөл:

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 2009 оны 12-р сараас ШБЛига “КЭС-БАСКЕТ” байгууллагатай холбоо тогтоон Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон ОХУ-ын Сургуулийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрийн дагуу “Сурагчдын сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг 3 үе шаттай зохион байгуулсан түүхтэй билээ.

2009-2010 оны хичээлийн жилд Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү лигийн 1, 2-р шатанд 110 гаруй ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 5280 сурагч оролцсоноос нийслэлийн шигшээ тэмцээнд 8 дүүргээс шалгарсан 39 сургуулийн 458 сурагчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн багаас СХД-ийн 11-р сургууль, эмэгтэйчүүдийн багаас ХУД-ийн 18-р сургуулийн баг тамирчид аваргалж ОХУ-ын Екатеринбург хотноо болсон “Сургуулийн сагсан бөмбөгийн лиг” тэмцээний шувтаргын тоглолтонд оролцож эрэгтэй баг тамирчид 34-н багаас 23-р, эмэгтэй баг тамирчид 36-н багаас 10-р байрт шалгарч, 18-р сургуулийн сурагч Э.Чимэддолгор “Шилдэг тоглогч”-оор шалгарсан.

Хоёр дахь удаагийн буюу 2010-2011 оны хичээлийн жилийн “Сурагчдын лиг”-ийн I, II шатны тэмцээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 206 сургуулийн 10000 гаруй сурагч, III шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 40 гаруй сургуулийн 480 сурагч аваргын төлөө өрсөлдлөө. Шигшээ тэмцээнээс шалгарсан СБД-ийн Орос-Монголын хамтарсан III сургуулийн хөвгүүдийн баг, ХУД-ийн 18-р сургуулийн охидын баг ОХУ-ын Самара хотноо 2011 оны 04-р сарын 05-10-ны өдрүүдэд болсон шигшээ тоглолтонд амжилттай оролцоод ирсэн.

Гурав дахь удаагийн буюу 2011-2012 оны хичээлийн жилээс энэхүү тэмцээнийг өргөн хүрээнд явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Монгол мөрөөдөл баг” сагсан бөмбөгийн тэмцээн болгон улс орон даяар 4 үе шаттайгаар зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн 113 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 842 багийн 24454 сурагч–тамирчид оролцож, нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 50 гаруй сургуулийн 500 сурагч өрсөлдсөнөөс С.Мөнхцэцэг багштай СБД-ийн 1-р сургуулийн хөвгүүдийн баг, Ж.Түмэнжаргал багштай НД-ийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн охидын баг шалгарч ОХУ-ын Уфа хотод болсон шувтаргын тоглолтонд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээг олон нийтэд сурталчилах зорилгоор “Бидний дуртай тоглоом–Бидний хүсэл мөрөөдөл” сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний үйл ажиллагаатай холбоотой зурагт сэтгүүл гаргасан.

Дөрөв дэх удаагийн буюу 2012-2013 оны хичээлийн жилийн лигийн тэмцээний 1, 2-р шатанд бага, дунд ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн 113 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 842 багийн 24454 сурагч – тамирчид, нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 50 сургуулийн 96 багийн 1344 гаруй сурагч өрсөлдсөн. Ахлах насны охидоос БЗД-ийн 48-р сургууль /Дасгалжуулагч С.Сүхээ/-ийн багууд, хөвгүүдээс СБД-ийн ССДуС /Дасгалжуулагч Б.Дамба/, багууд шалгарч ОХУ-ын Пермь хотноо болсон Бүх Оросын сурагчдын лигийн тэмцээний шигшээ тоглолтонд амжилттай оролцсон.

Тав дахь удаагийн буюу 2013-2014 оны хичээлийн жилийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн анхан шатанд 9 дүүргийн 95 сургуулийн 29932 тамирчин, Дүүргийн аварга  106 сургуулийн 487 багийн 5780 тамирчин, нийслэлийн шигшээ тэмцээнд 44 сургуулийг 93 багийн 1302 тамирчид, 3 шатанд нийлбэр дүнгээр 37014 тамирчин орсон. Нийслэлийн шигшээ тэмцээний ахлах насны ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй баг, тамирчид ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан шувтаргын тоглолтонд амжилттай оролцож Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн хөвгүүдийн баг 7-р байр, Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн охидын баг 11-р байранд тус тус шалгарсан.

            Зургаа дахь удаагийн буюу 2014-2015 оны хичээлийн жилийн ЕБС-ийн сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг" тэмцээнийг нийслэлд 3 үе шаттайгаар зохион байгуулж, 1, 2-р шатанд бага, дунд ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн 121 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 4258 багийн 63814 сурагч – тамирчид өрсөлдлөө. Шигшээ тэмцээнд тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багийн 24 тамирчин, 2 багшийг ОХУ-ын Москва хотод болсон “КЕС-БАСКЕТ” супер финалд оролцууллаа. Хөвгүүдийн баг 8, охидын баг 14-р байрт шалгарсан. ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-аас манай хүүхдүүдэд 72 ком тоглолтын хувцас, бөмбөг, цом, медаль, бэлэг дурсгалын зүйл өгсөн.

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР