Регионы
Новости

“Сурагчдын лиг”-ийг ОХУ-тай хамтран зохион байгуулна

17 Февраля, 2016
205


Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” 7 дахь удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангиллаар зохион байгуулахаар өнөөдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр энэхүү тэмцээнийг 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай явуулах бүх үндсийг хангах, мөн түүнчлэн «КЭС – БАСКЕТ» Сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцов.
 
Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт охид, хөвгүүдийн 6413 багийн 81158 сурагч оролцсон байна.
 
Дашрамд дуулгахад, энэхүү 7 дахь удаагийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээний 3 насны ангиллын багуудын зөрлөг, хүрэл, алтан медалийн төлөөх тоглолт, шилдэг сурагчдын "Мөрөөдөл" баг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн Алтан Дорнод "Алтайн лидер" багтай халз тоглолт, "Кэс-Баскет" сурагчдын лиг фэйсбүүк группын "LIKE"-ны 5 ялагч, түрүүлэх багуудыг таах тааварт уралдааны ялагчийг тодруулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд 2016 оны 02 дугаар сарын 18-ны 08:30 - 17:00 цагийн хооронд “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулна гэж Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээллээ.