Регионы
Новости

ОХУ-ын КЭС-БАСКЕТ байгууллагатай 2015 онд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулна

18 Февраля, 2015
644


Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээнийг 5 үе шаттайгаар 3 насны ангилалаар зохион байгуулахаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагын удирдлагууд 2 талт хэлэлцээр, 4 талт гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 12-ны 10:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд болно.

Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт хэлэлцээрт  Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар тус тус үзэглэх юм.

Энэхүү нэр төртэй тэмцээнийг 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай явуулах бүх үндсийг хангах, мөн түүнчлэн «КЭС – БАСКЕТ» Сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад 6 ширхэгээс бүрдсэн сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл (№ 6 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг, № 7 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.

Дашрамд дурдахад энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс олон зүйлээрээ онцлог болж байна. Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан ТОП-16 багуудын оноолт буюу сугалааг урьд нь техникийн зөвлөгөөн дээр хийчихдэг байсан бол энэ жил анх удаагаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарид” ордонд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролцуулан олон улсын жишгээр нээлтэй, ил тод байдлаар хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан.

2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 төрийн ЕБС-иудаас 110 сургууль оролцсоноос гадна нийт 94 хувийн хэвшлийн сургуулиудаас 11 сургууль тусгай бүс болон оролцож байгаагаараа бас нэг онцлогтой.

Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт 42884 оролцож нийт 5255.0 мянган төгрөг зарцуулсан бол хоёрдугаар шатны буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн 110 сургуулийн охид, хөвгүүдийн 1358 багийн 19790 сурагч оролцож 11714.0 сая төгрөг зарцуулсан бол хувийн хэвшлийн 11 сургуулийн эхний хоёроор гарсан 24 багийн 288 сурагч оролцож 3000.0 мянган төгрөг зарцуулсан байна. Эхний 3 үе шатны нийлбэр дүнгээр нийтдээ төрийн болон хувийн хэвшлийн 121 сургуулийн охид, хөвгүүдийн 4258 багийн 63814 сурагч оролцож, 32935.0 мянган төгрөг зарцуулсан.

Энэхүү VI удаагийн “Сурагчдын лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 10-нд “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгуулсан. Шигшээ тэмцээнд 8 дүүргээс шалгарсан 48 сургуулийн охид, хөвгүүдийн 96 багийн 1152 сурагч оролцож байна.

 

“Сурагчдын лиг” тэмцээний түүхийг сөхвөл:

 Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 2009 оны 12-р сараас ШБЛига “КЭС-БАСКЕТ” байгууллагатай холбоо тогтоон Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон ОХУ-ын Сургуулийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” байгууллагатай байгуулсан хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрийн дагуу “Сурагчдын сагсан бөмбөгийн лиг”-ийн тэмцээнийг 3 үе шаттай зохион байгуулсан түүхтэй билээ.

2009-2010 оны хичээлийн жилд Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү лигийн 1, 2-р шатанд 110 гаруй ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 5280 сурагч оролцсоноос нийслэлийн шигшээ тэмцээнд 8 дүүргээс шалгарсан 39 сургуулийн 458 сурагчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн багаас СХД-ийн 11-р сургууль, эмэгтэйчүүдийн багаас ХУД-ийн 18-р сургуулийн баг тамирчид аваргалж ОХУ-ын Екатеринбург хотноо болсон “Сургуулийн сагсан бөмбөгийн лиг” тэмцээний шувтаргын тоглолтонд оролцож эрэгтэй баг тамирчид 34-н багаас 23-р, эмэгтэй баг тамирчид 36-н багаас 10-р байрт шалгарч, 18-р сургуулийн сурагч Э.Чимэддолгор “Шилдэг тоглогч”-оор шалгарсан.

Хоёр дахь удаагийн буюу 2010-2011 оны хичээлийн жилийн “Сурагчдын лиг”-ийн I, II шатны тэмцээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 206 сургуулийн 10000 гаруй сурагч, III шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 40 гаруй сургуулийн 480 сурагч аваргын төлөө өрсөлдлөө. Шигшээ тэмцээнээс шалгарсан СБД-ийн Орос-Монголын хамтарсан III сургуулийн хөвгүүдийн баг, ХУД-ийн 18-р сургуулийн охидын баг ОХУ-ын Самара хотноо 2011 оны 04-р сарын 05-10-ны өдрүүдэд болсон шигшээ тоглолтонд амжилттай оролцоод ирсэн.

Гурав дахь удаагийн буюу 2011-2012 оны хичээлийн жилээс энэхүү тэмцээнийг өргөн хүрээнд явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Монгол мөрөөдөл баг” сагсан бөмбөгийн тэмцээн болгон улс орон даяар 4 үе шаттайгаар зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн 113 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 842 багийн 24454 сурагч–тамирчид оролцож, нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 50 гаруй сургуулийн 500 сурагч өрсөлдсөнөөс С.Мөнхцэцэг багштай СБД-ийн 1-р сургуулийн хөвгүүдийн баг, Ж.Түмэнжаргал багштай НД-ийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн охидын баг шалгарч ОХУ-ын Уфа хотод болсон шувтаргын тоглолтонд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээг олон нийтэд сурталчилах зорилгоор “Бидний дуртай тоглоом–Бидний хүсэл мөрөөдөл” сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээний үйл ажиллагаатай холбоотой зурагт сэтгүүл гаргасан.

Дөрөв дэх удаагийн буюу 2012-2013 оны хичээлийн жилийн лигийн тэмцээний 1, 2-р шатанд бага, дунд ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн 113 сургуулийн эрэгтэй, эмэгтэй 842 багийн 24454 сурагч – тамирчид, нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 50 сургуулийн 96 багийн 1344 гаруй сурагч өрсөлдсөн. Ахлах насны охидоос БЗД-ийн 48-р сургууль /Дасгалжуулагч С.Сүхээ/-ийн багууд, хөвгүүдээс СБД-ийн ССДуС /Дасгалжуулагч Б.Дамба/, багууд шалгарч ОХУ-ын Пермь хотноо болсон Бүх Оросын сурагчдын лигийн тэмцээний шигшээ тоглолтонд амжилттай оролцсон.

Тав дахь удаагийн буюу 2013-2014 оны хичээлийн жилийн “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн анхан шатанд 9 дүүргийн 95 сургуулийн 29932 тамирчин, Дүүргийн аварга  106 сургуулийн 487 багийн 5780 тамирчин, нийслэлийн шигшээ тэмцээнд 44 сургуулийг 93 багийн 1302 тамирчид, 3 шатанд нийлбэр дүнгээр 37014 тамирчин орсон. 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР